ХОГ АСГАХ НЭГДСЭН ЦЭГИЙГ БИЙ БОЛГОЛОО
Дөргөн сумын Засаг даргын тамгын газар "Хоггүй Дөргөн" хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Далантайн зүүн талын хогийг дарж устгах ажлыг амжилттай зохион байгуулсан билээ.
Тэгвэл 2020 онд Далантайн хогийн цэгийн 18 га талбайн хогийг дарж устган, 12м*28м-ийн харьцаатай 3 метр гүн нүх ухах ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ ажлыг Засаг даргын тамгын газрын 2020 оны төсөвт хуваарилагдсан байгаль орчныг нөхөн сэргээх зардлаас санхүүжүүлсэн байна.
Хогийн нэгдсэн цэг бий болгох, хогийг дарж устгах ажлын үр дүнг сайжруулахын тулд иргэдэд зориулан санамж самбар босгох, мэдээлэл хүргэх ажлуудыг холбогдох мэргэжилтнүүд хийж байна.
Айл өрх, иргэд, жолооч нар зориулалтын нүхэнд хогоо асгаж, байгаль орчныг хамгаалах нь сум, орон нутагтаа эрүүл, ая тухтай амьдрах, үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхэд чухал нөлөөтэй юм.





