ДӨРГӨН СУМАНД "ХОГ БИШ МОД ТАРЬЯ"
АЯНЫ ХҮРЭЭНД 1000 ОРЧИМ МОДЫГ ТАРЬЛАА
Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санаачилсан "Хог биш мод тарья" аяныг Дөргөн сум дэмжин 2020 оны 05 дугаар сарын 19-ний байдлаар 1000 орчим модыг шинээр тарьлаа.
Мод тарих аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, айл өрх өргөнөөр оролцлоо. Тухайлбал сумын Соёлын төв хашаандаа 83 ширхэг мод /хайлаас 25, шар хуайс 45, улиас 13/-ыг шинээр тарьснаас 50 ширхэг модыг сумын Залуучуудын холбооны дэмжлэг оролцоотойгоор, 33 ширхэг модыг айл өрхийг уриалан хамт олны хүчээр хамтран тарьжээ.



Тус аяны хүрээнд Засаг даргын тамгын газар хашаандаа 20 ширхэг мод, Эрүүл мэндийн төв 10 ширхэг мод, Ерөнхий боловсролын сургууль 40 ширхэг мод, "Шувуухай" цэцэрлэг 24 ширхэг мод, Дөргөний Усан цахилгаан станц 150 ширхэг модыг шинээр тарьсан байна. Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар 20 айлд 40 ширхэг модыг шинээр суулгахад зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Мөн "Шувуухай" цэцэрлэг хашаандаа нарийн ногоо тариалах туршилтын талбайг бий болгож, улаан лооль, өргөст хэмх, хүрэн манжин, лууван, сонгино, чинжүү, мандлын цэцэг зэргийг стандартын дагуу тариалах ажлыг усалгааны асуудалтай нь хамт олноороо хийж байна.




Дөргөн сумын уугуул Н.Насанжаргалын үүсгэн байгуулсан "Дөргөн ногоон хөгжил үндэсний нийгэмлэг" нь мод тарих, суманд ногоон төгөл бий болгох санаачлагыг гарган 2019 онд 500 ширхэг модыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, анги хамт олны хүчээр шинээр тарьсан юм. Энэ жилийн төлөвлөгөөт 500 мод тариалах, 500 суулгац тариалах ажилд Н.Насанжаргалын гэр бүл, ах дүү, ангийн хамт олноос гадна төрийн байгууллагууд, иргэд, анги хамт олон оролцож, хамтран ажиллалаа.





Үүнээс гадна иргэд өөрсдийн санаачлагаар нэгдэн төрсөн өдөр болон аав, ээжийнхээ буяны үйлсэд зориулан мод услах ажлыг 4, 5 дугаар саруудад хийсэн нь олон нийтэд эерэг хандлага, зөв дадлыг түгээх сайн ажлын үлгэр жишээ болж байна.
