ДӨРГӨН СУМЫН ШИНЭ СОЁЛЫН ТӨВИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Өнөөдөр Дөргөн сумын шинэ Соёлын төвийн тууз хайчлах нээлтийн арга хэмжээ болж уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын Б.Пүрэвдоржийн Ховд аймаг дахь бие төлөөлөгч Ганзориг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон бусад зочид төлөөлөгчид, нутгийн иргэд оролцлоо.
Шинэ Соёлын төвийн барилга нь улсын төсвийн 1,2 тэрбумын хөрөнгөөр баригдаж, гүйцэтгэгчээр Дурдбай захиралтай "Толхын ойл" ХХК нэг жилийн хугацаанд ажилласан ба нээлтэнд оролцогчид барилгыг стандартын дагуу чанартай барьсныг сайшааж гүйцэтгэгч компанид талархал дэвшүүлсэн юм.
Мөн нээлтийн арга хэмжээний үеэр боловсрол, соёл, урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нутгийн зарим иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд Аргалант багийн иргэн, Дөрвөд өв соёлыг тээгч, түгээн дэлгэрүүлэгч, ардын авъяастан Р.Баянмөнх, Б.Баянмөнх нарыг Монгол улсын Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" тэмдэг, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Мөнхбатыг "Боловсролын тэргүүний ажилтан" тэмдэг, Ардын авъяастан, өв тээгч ахмад настан М.Дулам, ардын авъяастан Г.Бямбажав, Ж.Ганбаатар, Соёлын төвийн хөгжмийн багш, дуучин Д.Адууч, Орон нутаг судлах танхимын ажилтан Ц.Цэцэгсүрэн, Сантехникч Ш.Хүрэлбаатар нарыг Яамны "Жуух бичиг"-ээр тус тус шагнасныг гардууллаа.
Ийнхүү Дөргөн сумын иргэдийн олон жилийн турш мөрөөдсөн шинэ Соёлын ордон ашиглалтанд орж, Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Ц.Алтанцөгцийн бэлдсэн хөөмийн дугуйлангийн сурагчид, МУСТА Сүхбаатарын морин хуурын дугуйлангийн сурагчид болон Соёлын төвийн хамт олон оролцож шинэхэн тайзнаас үзэгч түмний сонорыг мялаасан юм.









