СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦИД АЖИЛЛАЛАА
Дөргөн суманд бий болсон томоохон бүтээн байгуулалтын нэг нь Дөргөний Усан цахилгаан станц билээ. Тус станци нь 2008 онд ашиглалтанд орсноос хойш өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, цахилгаан үйлдвэрлэсээр байна. Дөргөн сумын ард иргэд цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх асуудлаар удаа дараа сумын удирдлагууд болон Дөргөний усан цахилгаан станцид санал хүргүүлсээр ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын удирдлагууд иргэдийн гарын үсэг цуглуулан хүсэлтийг Баруун бүсийн эрчим хүчний систем, Эрчим хүчний зохицуулах хороо, Дөргөний Усан цахилгаан станцид хандсан боловч боломжгүй гэдэг хариу авсаар байгаа ч Дөргөний Усан цахилгаан станцын зүгээс сум орон нутагт чиглэсэн томоохон асуудлыг шийдвэрлэх боломж гаргасан. Үүний дагуу сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг дарга Дөргөний Усан цахилгааны станцын удирдлагуудтай суманд шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудын талаар санал солилцлоо.




