ДӨРГӨН СУМЫН ШУВУУХАЙ ЦЭЦЭРЛЭГ 40 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ
Дөргөн сумын "Шувуухай" цэцэрлэгийн 40 жилийн ой энэ онд тохиож 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярыг тус цэцэрлэгийн эрхлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ц.Цогзолмаа нээж, төрийн далбааг сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг дарга Т.Заяа болон сум, орон нутгаас төрөн гарсан алдартнууд өргөж, нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Ойн баярын хүрээнд 3-4 настай хүүхдийн барилдаан, 5-6 настай хүүхдийн барилдаан, хүчит 32 бөхийн барилдаан, Их нас, дааган насны морьдын уралдаан, баярын хурал, хүндэтгэлийн концерт, гар бөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд боллоо. Хүчит бөхийн барилдаанд аймгийн Начин Т.Эрдэнэдалай түрүүлж, сумын Заан Амарсайхан үзүүрлэж, их шөвөгт аймгийн Заан Г.Баянмөнх, аймгийн начин Л.Ням-Очир нар шалгарлаа. Дааган насны морьдын уралдааны түрүүнд А.Батцоожийн Хүрэн, аман хүзүүнд Ц.Эрдэнэбатын Хонгор, айрагт Д.Баянжаргалын Хүрэн, Д.Төртүвшингийн Цавьдар, Жаргалсайханы Сартай халтар, Их насны морьдын түрүүнд Д.Төртүвшингийн Хамар халзан, А.Батцоожийн Хүрэн, Алтахсүхийн Хүрэн, Чулууннямын Хүрэн, Оюунболдын Хээр зэрэг хүлгүүд хурдаллаа. Дааган насны морьдын түрүүг Өгөөмөр багийн иргэн М.Бөхчулуун, аман хүзүүг сумын ИТХ-ын Төлөөлөгч П.Цогбадрах, айрагдсан даагыг Сээр багийн Засаг дарга С.Нямхүү, сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Төмөрхуяг, "Шувуухай" цэцэрлэгийн ахмад ажилтан Г.Бямба нар, Их насны морьдын түрүүг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Мотоцикль, аман хүзүүг сумын ИТХ-ын Төлөөлөгчид, айрагдсан морьдыг Агваш багийн малчин Д.Алтансүх болон "Шувуухай" цэцэрлэг тус тус ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Тус цэцэрлэгийн түүхт 40 жилийн ойн үеэр эрхлэгч, АБТА Ц.Цогзолмаа МЗХ-ны "Шилдэг удирдагч", хөгжмийн багш М.Шүрэн-Од МУ-ын Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, туслах багш М.Зандангэрэл БСШУС-ын яамны "Жуух бичиг", багш Б.Болормаа, Ж.Бадамсүрэн нар Боловсрол, соёл урлагийн газрын "Ахлах багш" тэмдэг зэрэг шагналуудаар тус тус шагнагдлаа. Эдгээрээс гадна олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчдыг МЗХ, МҮЭХ, аймгийн ИТХ болон Засаг даргын хүндэт өргөмжлөлүүдээр шагнасан байна.



