ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр сумын ИТХ-ын дарга, Засаг даргын хамтарсан ажлын төлөвлөгөө батлагдаж, төлөвлөгөөний дагуу арга хэмжээг сумын ИТХ-ын болон Засаг даргын ажлын алба, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгууллаа. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сумын эмэгтэйчүүдийн дунд "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг Эмэгтэйчүүдийн зөвлөл зохион байгуулж, шагналыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжин ажилласан бол, мөн өдөр Соёлын төвөөс "Миний ээж хөөрхөн" ээж хүүхдүүдийн хамтарсан тоглолтыг бэлдэн үзэгч түмэндээ хүргэлээ. 03 дугаар сарын 08-нд сумын Засаг даргын урилгаар Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг "Эмэгтэй хүний үнэ цэнэ" сургалтыг нийт эмэгтэйчүүдэд зориулан зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ныг тохиолдуулан Агваш багийн өндөр настан 10 хүүхдийн ээж Л.Цэнд "Дархан ээж", 9 хүүхдийн ээж Г.Жаргал "Халамжит ээж", Сээр багийн өндөр настан 6 хүүхдийн ээж Х.Тогтох "Саран ээж", 7 хүүхдийн ээж Б.Маамуу "Буянтай ээж", Аргалант багийн өндөр настан 10 хүүхдийн ээж Ч.Сэмбэрүүн "Ачлалт ээж", 5 хүүхдийн ээж С.Жавзансүрэн "Наран ээж", 10 хүүхдийн ээж Ч.Цэвэлмаа "Манлай ээж", Өгөөмөр багийн өндөр настан 12 хүүхдийн ээж Ч.Хурмаш "Энэрэлт ээж", 8 хүүхдийн ээж Д.Алтанхүү "Оюунлаг ээж" өргөмжлөлөөр шалгарч, "Шувуухай" цэцэрлэгийн багш Б.Удвал "Боловсролын тэргүүний ажилтан" цол, тэмдгээр тус тус шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Засаг даргын орлогч Т.Дариймаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Түвшинжаргал тэргүүлэгчдийн хамт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Мөн өдөр баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт эмэгтэйчүүдэд сумын Ардчилсан намын хорооноос улаан сарнайгаар гэнэтийн бэлэг барилаа. 